Коронавирусний “Омикрон” шинэ омог халдвар авсан залуу хүмүүст харьцангуй хөнгөн ч урьд өмнө байгаагүй шинж тэмдэг илэрч байна гэж шинэ омог гарч ирсэн талаар анхны таамаг дэвшүүлсэн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Анагаах ухааны ассоциацын тэргүүн Анжелик Кутзе “The Daily Telegraph” хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүний хэлснээр, “Омикрон” омгоор гол төлөв 20-30 насны залуус халдварлаж буй нь ажиглагджээ. Тэдэнд сульдах шинж тэмдэг түлхүү илэрч байгаа бөгөөд амтлах, үнэрлэх чадварт ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна. Зургаан настай өвчтөнд өндөр халуурах, зүрхний цохилт ихсэх зовуурь ажиглагдсан байна.
Ковидын шинжилгээ нь эерэг гарсан гэр бүлийн дөрвөн гишүүнд хэт сульдсан шинж тэмдэг илэрсэн зэрэг урьд өмнө ажиглагдаж байгаагүй зовуурьтай өвчтөнүүд олноор хандах болсны дараа Анжелик Кутзе коронавирусний шинэ омог гарч ирсэн байж болзошгүй талаар Өмнөд Африкийн эрх баригчдад мэдэгдсэн байна.
Ингэхдээ шинэ омгоор халдварласан өвчтөнүүдийн тал нь вакцин хийлгээгүй байжээ.
Өндөр настнууд, ялангуяа чихрийн шижин зэрэг хууч өвчтэй өвчтөнүүдэд илүү хүнд тусаж магадгүй гэж Кутзе эмч болгоомжилж байна. Өмнөд Африкийн хүн амын зургаан хувь нь 65-аас дээш насныхан эзэлдэг тул энэ насны бүлгийн өвчлөлийн нөхцөл байдал одоогоор тодорхойгүй байна. Энэ омгоор өндөр настнууд халдварлахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байна гэж Кутзе онцлоод ялангуяа вакцин хийлгээгүй өндөр настнууд хүндээр өвчлөх магадлал өндөр байна гэж сэрэмжлүүлжээ.