Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч их хэмжээний цас орж, зам даваанд халтиргаа, гулгаа үүсч автотээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссын гишүүн, Зам тээврийн сайдын 11 дүгээр сарын 18-ны 142 тоот тушаалаар зарим чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад арга хэмжээ аваад байсан билээ.
Тухайлбал, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн төвөөс гарах ачаа, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 18-ны өдрийн 23:00 цагаас 19-ний өдрийн 08:00 цаг хүртэл, цас их орж зам даваа хаагдсан Завхан аймгийн Улиастай сумаас гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 19-ний өдрийн 10:00 хүртэл зогсоож, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн авто зам, замын байгууламжийг хаах арга хэмжээ авсан юм.
Энэ хугацаанд хаагдсан зам, давааны бэлэн байдлыг хангах шуурхай арга хэмжээ авч ажиллахыг орон нутгийн АЗЗА компаниудад үүрэг болгосон.
Одоогийн байдлаар авто замын хөдөлгөөнийг хязгаарласан газар байхгүй ч Хөвсгөл, Завхан, Баян-Өлгий, Ховд аймгуудад цас ихээр орж, шуурсаны улмаас зам даваанд халтиргаа, гулгаа үүсч автотээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа тул тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, түүнчлэн автозам, даваанд хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул автомашины хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох;
Ард иргэд, жолооч, тээвэрчид цаг агаар, зам давааны нөхцөл байдлыг харгалзан хол, ойрын замд зорчихгүй байх,
Хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.