“Дэлхийн мисс-2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ.
Ингэснээр тэрбээр дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, тэмцээний хагас шигшээд шалгарлаа.
“Авьяаслаг мисс” шалгаруулалтын шилдэг таван оролцогчоор Монгол, Норвеги, Япон, Чили, Ирланд улсын мисс багтсан байна.
А.Бөртэ-Үжингийн хувьд өмнө нь тус тэмцээний “Head-to-head challenge” шалгаруулалтад багаасаа ялагч болж, шилдэг 16-д шалгарсан юм.
Мисс А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон хэлний мэдлэгтэй.
Уран нугараач А.Бөртэ-Үжин нь 2017 онд Өмнөд Солонгос улсад зохиогдсон “Miss Supertalent of the World” тэмцээнд оролцон нэгдүгээр байр, 2018 онд Мьянмар улсад зохион байгуулагдсан “Miss Grand International ” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан юм.
Харин уран нугаралтаар Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, Хонгконг, Турк, Швед зэрэг орнуудаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилж байжээ.