Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж , хоёр ялагдсан амжилттай яваа “King Tug” Нямбаярын Төгсцогт 2022 оны нэгдүгээр сарын 22-нд рингэнд дахин гарч, ээлжит тулаанаа хийхээр болжээ.
Өнгөрсөн долдугаар сард Н.Төгсцогт WBA-холбооны 58,9 кг-ийн жингийн Interim champion буюу түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колберттой аваргын бүсийн төлөө тулалдан ялагдсан билээ.
Харин энэ удаа Н.Төгсцогтын өрсөлдөгч нь АНУ-ын боксчин, 29 настай Виктор “Vicious” Пасильяс. Пасильяс нь 10 жилийн өмнө мэргэжлийн бокст орсон бөгөөд нийтдээ 17 тулаан хийж, 16 ялж, нэг ялагдсан амжилттай боксчин байна.
Пасильяс өнгөрөгч нэгдүгээр сард WBA холбооны түр аваргын бүсийн төлөө тулалдан ТКО -оор ялагдсанаас хойш рингэнд гараагүй байгаа.
2021 онд түр аваргын бүсийн төлөөх тулаанд ялагдсан хоёр боксчин ийн тулалдахаар болжээ.
Хэн ялсан нь цаашид аварга цол, бүсийн төлөө тулалдахад ойртоно.
Мэргэжлийн боксын хүрээнд ярьж буйгаар энэ өдрийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель “Бага” болон Филиппиний Марк Магсайо нарын хооронд болно. Г.Рассель манай Н. Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа юм.
Одоогийн байдлаар тулаан болох хот, ордны нэр хараахан тодорхой болоогүй байна.
Ц.Энхтүвшин, “Таван цагариг”