Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах 86 дахь удаагийн тэмцээн явагдаж буй билээ. Уг нь Перу улсад зохиогдох хуваарьтай байсан ч цар тахлын нөхцөл байдлаас болж Узбекистанд болж буй энэ удаагийн ДАШТ-д 74 орны 432 туйванч 20 цогц медалийн төлөө хүч үзэж байгаа.
Дэлхийн шилдэг багууд болох БНХАУ, БНАСАУ баг тамирчдаа оролцуулахгүй гэж шийдсэн, мөн “Токио-2020” олимпын аварга 10, дэлхийн аварга 15 тамирчин Ташкентад ирээгүй тул олон шинэ аварга, медальтнууд төрөх боломжтой болсон юм.
Манай Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор дөрвөн тамирчинтай оролцохоор бэлтгэж байсан боловч 71 кг -ийн жинд өрсөлдөх байсан Г.Ануужин, 81 кг-ийн жинд өрсөлдөх байсан Э.Билэгсайхан нар гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг өнжих болсон нь харамсалтай.
59 кг-ийн жинд Энхбаатарын Энхтамир(21 настай) “С” хэсэгт багтан ,огцомоор 82 кг, түлхэлттэй өргөлтөөр 96 кг өргөж, нийлбэр дүнгээр 178 кг-ийн амжилтаар жиндээ 27 тамирчнаас 20 дугаар байрт бичигдсэн.
87 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт( огцом өргөлтөөр) , Мөнхжанцангийн Анхцэцэг өнөөдөр 2021.12.16-нд дэвжээнд гарч, “А” хэсгийг манлайлан өргөлтөө хийнэ. Энэ хэсэгт 11 тамирчин байгаа бөгөөд М.Анхцэцэг захиалгаа 255 кг -аар өгсөн нь хамгийн өндөр нь. Түүнтэй адил захиалга өгсөн ганцхан тамирчин нь ОХУ-ын Дарья Ахмерова. Томоохон тэмцээнд орж байгаагүй, энэ жил 21 нас хүрсэн тамирчин байна. Нэг үгээр манай Анхаагийн гол өрсөлдөгч гэхэд болно. Анхаагийн жинд “Токио-2020” олимпын медальтнуудаас хэн нь ч ирээгүй. Тэгэхээр манай М.Анхцэцэгт маш том боломж байна.
2017, 2019 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ М.Анхцэцэг огцом өргөлтөөр авч байсан. Тэгвэл энэ удаа нийлбэр дүнгээр ч медаль зүүх, бүр дэлхийн аварга болох магадлал маш өндөр гэж болно.
“Ташкент-2021” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жингийн “А” буюу М.Анхцэцэгийн хэсгийн өргөлт Ташкентийн цагаар 12 сарын 16-ны оройны 19:00 цагаас ( Улаанбаатарын цагаар өнөө оройны 22:00 цагаас) эхэлнэ.
Ц.Энхтүвшин, “Таван цагариг”