Мал аж ахуйн салбарын өвөлжилт, малын халдварт өвчний тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд мэдээлэл хийжээ.
Махны нөөц бэлтгэлийн тухайд мал, мах бэлтгэдэг аж ахуйн нэгжүүд арилжааны банкны эх үүсвэрээр 11.0 мянган тонн махны нөөцийг бүрдүүлжээ. ХАА-н салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах арга хэмжээний хүрээнд нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулж мах бэлтгэхээр 17 аж ахуйн нэгжтэй 15.0 мянган тонн мах нөөцлөх гэрээ байгуулснаас одоогийн байдлаар 3.1 мянган тонныг л нөөцлөөд байгаа юм байна.
Махны нөөц бэлтгэл 20.6 хувийн биелэлттэй байна
Энэ нь он бараг дуусаж байхад махны нөөц бэлтгэл дөнгөж 20.6 хувийн биелэлттэй яваа гэсэн үг аж. Уг нь ЗГ-аас “Эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд нөөцийн мах бэлтгэлийн арга хэмжээнд зориулж 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлэжээ.
Ковидоос шалтгаалсан хилийн хорио цээрийн улмаас хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 20-30 хувьд хүрээд байна. Хүнсний бүтээгдэхүүний нөөцийн хангалтад ачаа тээврийн хоригууд хамгийн ихээр нөлөөлж байна. БНХАУ олимпын бэлтгэлтэй холбоотойгоор хүнсний импортод тавих хяналтаа эрс нэмэгдүүлснээс үүдэн Монголоос нийлүүлэх махны экспорт бүрэн зогссон. Хил гааль хаасан нөхцөлд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж нөөцийг хэвийн горимд барих бодлогыг яамнаас ихээхэн анхааран ажиллаж байна. Энэ ажилд зориулж 10 орчим компанид 154 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон гэлээ.
Мөн өнөөдрийн байдлаар шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245 мянган тонн, ХАА-г дэмжих сан 53.6 мянган тонн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 298.6 мянган тонн хүнсний улаанбуудай хүлээн авч, 128.8 мянган тонн улаанбуудай борлуулалтын шатандаа яваа бөгөөд нийт буудайн нөөцөөр тооцвол 2021-2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой гэдгийг хэллээ хэмээн УИХ дахь АН-ын бүлгээс мэдээллээ.