Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Японы Мияаконожо хотын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Иший Ёшихиро тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Мияаконожо хотын хувьд үхрийн махан олон төрлийн лаазалсан брэнд бүтээгдэхүүнээр алдартай юм байна. Уг бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах ажлын хүрээнд өнгөрсөн оноос Улаанбаатар хотод Элчин сайдын яамаараа дамжуулан сурталчилгааны ажил зохион байгуулсан гэдгээ Иший Ёшихиро Засаг даргын орлогч Ж.Батбаясгаланд танилцууллаа. Иший Ёшихиро \”Манай бренд үхрийн мах нь дэлхийн олон оронд танил болсон бүтээгдэхүүн. Япон улсын махны хэрэгцээний 5/1 хувийг дангаараа хангаж байна. Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ нийлүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан \”Үхрийн мах, махан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлнэ гэдэг маш чухал юм. Манай хоёр орны хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Та бүхний үйл ажиллагааг манай хөдөө аж ахуйн салбарынхан дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.