Шинэ оны эхний өдрөөс Казахстан улсын засгийн газар бензин, шатахууны үнийг чөлөөлсний улмаас үнэ нь нэг шөнийн дотор бараг хоёр дахин өссөн байна.
Өмнө нь тус улсын эрх баригчид олон жилийн турш шатахууны үнийг хүчээр тогтоож ирсэн юм. Гэвч цаашдаа үнэ тарифыг хатуу тогтоох боломжгүй болсныг тайлбарлаж, үнийг чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.
Казахстан нь газрын тосны олборлолтоор дэлхийн тэргүүлдэг улсуудын нэг юм.
Үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл тус улсын газрын тосны томоохон төв болох баруун өмнөд Мангистау мужид эхэлж, сүүлдээ Казахстаны бусад бүс нутгуудад таржээ.
Казахстаны хамгийн том хот Алматыд мөн олон зуун хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж, цагдаа нартай мөргөлдөөн үүсжээ. Иргэд цагдаагийн хэд хэдэн автомашиныг галдан шатаасан үйл явдлыг гэрчлэх бичлэг сошиал сүлжээнд тарсан байна.
Цагдаа нар тэмцэгчдийг тараахын тулд хүчтэй дуу, хурц гэрэл гаргагч гранат ашигласан гэх мэдээлэл ч байна.
Урьд шөнө Казахстаны ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев ард түмэндээ хандаж мэдэгдэл гаргасан бөгөөд тэрбээр зөрчил мөргөлдөөнөөр бус, яриа хэлэлцээгээр асуудлаа шийдэхийг иргэддээ уриалж, үймээн анх дэгдсэн Мангистауд нэг литр бензиний үнийг 50 тэнгэгээс ($0.11) хэтрүүлэхгүй байх түр хязгаар тогтоож байгаагаа зарлажээ.
Лхагва гарагт болох засгийн газрын хуралдааны үеэр тэмцэгчдийн тавьж буй шаардлагын талаар хэлэлцэхээ Токаев амласан байна. Мөн Алматы хот болон Мангистау мужид онц байдал тогтоох шийдвэр гаргалаа гэж TODAY RUSSIA мэдээллээ.