Шатахууны хомсдол үүсэж, үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийн бухимдал нэмэгдэж байна. Өчигдөр иргэд шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцэж, автомашинтай жагсаал зохион байгуулсан. Үүний дараа шатахууны нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр Засгийн газрын түвшинд хуралдахаар болжээ.
Тодруулбал, Шатахууны шуурхай штаб төрийн ордонд Ерөнхий сайдын өрөөнд хуралдах бөгөөд шатахууны нийлүүлэлт, нөөц, үнэ болон үүсээд буй хомсдолын шалтгааны талаар хэлэлцэхээр байна.
Сүүлийн өдрүүдэд зарим шатахуун түгээх станцад шатахуун тасалдаж, иргэд урт дараалалд зогсох нөхцөл үүссэн. Үүний зэрэгцээ шатахууны үнэ нэмэгдэж байгаа нь иргэдийн зардалд шууд нөлөөлж, цаашлаад өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Тиймээс өнөөдрийн хуралдаанаар хомсдол ямар шалтгаанаар үүссэн, улсын хэмжээнд хэдий хэмжээний нөөц байгаа, нийлүүлэлт хэзээнээс хэвийн болох, үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр ямар арга хэмжээ авах зэрэг асуудалд тодорхой хариулт өгөх эсэх нь анхаарал татаж байна.









































































