Дархан-Уул аймгийн 6 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг нь Энэрэл цогцолбор сургуулийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Тус салбар нь дөрвөн бүлгийн 120 хүүхэдтэй бөгөөд салбар бүлгийн дулааны шугам хэвийн бус ажиллагаатай байгаа юм. Тиймээс зарим бүлгийн хүүхдүүд даарч, ханиад томуу хүрэх асуудал гарч буй тул эцэг эхчүүд болон цэцэрлэгийг үүсгэн байгуулагчдын зүгээс аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд хүсэлт ирүүлсэн байна.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2016.11.23/ аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат тэргүүтэй холбогдох албаныхан дээрх цэцэрлэгийн салбар бүлгийн өнөөдрийн нөхцөл байдал болон инженерийн шугам сүлжээ, цэцэрлэгийн орчинтой танилцлаа. Эхний ээлжид дулаан байгаа ангид хүүхдүүдийг шилжүүлж түр байрлуулах, хүйтэн ангийн дулааны шугамын хэвийн ажиллагааг яаравчлан хангахаар шийдвэрлэв. Энэ хүрээнд тодорхой нэмэлт санхүүжилтийг ирэх оны төсөвт суулган салбар бүлгийн байранд ялтсан бойлерыг тавих асуудлыг ярилцлаа. Энэхүү салбар бүлэг нь өмнө нь 23 дугаар цэцэрлэгийн харъяа үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд энэ оны 9 дүгээр сард аймгийн Засаг даргын захирамжаар 6 дугаар цэцэрлэгийн харъяа болсон байна.