Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэгдүгээр сарын 25. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны \”Муу нүүрт\” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 26. Сугар гараг. Тугчин одтой, хоёр хар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.
Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.