Улсын Анхдугаар Их Хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталсны 92 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, ШУА хамтран Төрийн ордонд зохион байгууллаа.
\”Анхдугаар Үндсэн хууль: Түүх ба орчин үе” сэдэвт хурлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нээж үг хэлэв.
Тэрээр \”Анхдугаар Үндсэн хуулинд \”Засгийн газар бол тус улсын ерөнхийлөн захирах газар мөн” хэмээн тодорхойлж, бүтэц бүрэлдэхүүн, гүйцэтгэх үүргийг нь хуульчлан тогтоосон. Энэ хуулиар тунхагласан төрийн тогтолцоо, хөгжлийн чиг баримжаа, түүний дотор Монгол Улсын Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг нь дараа дараагийн Үндсэн хуулиар улам боловсронгуй болж, шинэчлэгдсээр өнөөг хүрсэн. Энэ бол Монгол төрийн бодлого уламжлал ба шинэчлэлийг хослуулан, ямагт залгамж чанараа хадгалсаар ирсний гэрч юм. Ийм учраас төр улсынхаа хөгжил дэвшлийн үндэс суурийг тавьж, туурга тусгаар Монгол Улсаа байгуулж бэхжүүлсэн ахмад үеэрээ бид ямагт бахархаж, тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж байх учиртай. Бас өнгөрсөн түүхээ эргэн харж, алдаа оноогоо дэнсэлж, сургамж, туршлага авсны үндсэн дээр гэрэлт ирээдүйгээ тодорхойлж байх ёстой. Энэ бол хойч үеийн залуучууд бидний эрхэм үүрэг” хэмээн тэмдэглэв.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон эрдэмтэн, судлаачид ”Монгол дахь Үндсэн хуульт ёсны уламжлал, шинэчлэл, залгамж чанарын асуудалд”, \”Монгол Улсын Үндсэн хуулиудын үзэл баримтлалын авцалдаа”, \”Улсын Анхдугаар Их Хурал Бүгд Найрамдах Улсыг тунхагласан нь”, \”Анхдугаар Үндсэн хууль боловсруулах үеийн Монголчуудын Үндсэн хуульт засаглалын тухай үзэл санаа” гэсэн сэдвээр илтгэл тавилаа.
Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Зөвлөлтийн Үндсэн хуулийг загвар болгосон, хутагт хувилгаад, лам нарын сонгох, сонгогдох эрхийг хассан зэрэг дутагдалтай зүйл Анхдугаар Үндсэн хуулинд байсан. Гэхдээ хаант ёсыг халж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан Монгол орноо хүн төрөлхтөний хөгжлийн нийтлэг замд оруулсан түүхэн гавьяатай. Иймээс УИХ саяхан Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан юм.
Ардын Засгийн газрын 1924 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар Үндсэн хууль боловсруулах комиссыг Ерөнхий сайд Б.Цэрэндорж ахлан гурван долоо хоногийн дотор хуулийг эцэслэн боловсруулсан түүхтэй.
Улсын Анхдугаар Их Хурлаар Ардын Засгийн газрын тайланг сонсон хэлэлцээд гадаад, дотоод бодлого, үйл ажиллагаа нь төр, ард түмнийхээ эрх ашигт нийцэж байгааг сайшаан тэмдэглэжээ. Ийнхүү Монголын ард түмэн анх удаа Засгийн газрынхаа үйл ажиллагааг ил тод, нээлттэй хэлэлцэж, үнэлэлт дүгнэлтээ өгсөн юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.