Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар 2016.10.19-ний өдөр явагдасан. Харин сонгогчдын ирц хүрээгүйн улмаас нийслэлийн зургаан дүүрэгт нэмэлт санал хураалтыг 2016.10.23-нд дахин явагдаж дүнг зарласан.
Харамсалтай нь нэмэлт санал хураалтын үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшсэн нэр бүхий хүмүүс сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараан сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тухай баримттай мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр дамжин ар араасаа гарч, олон нийтэд хүрсэн.
Сонгуулийн нэмэлт санал хураалт болсон аравдугаар сарын 23-ны өдөр сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан тухай АН-аас нэр дэвшсэн Б.Саруул, А.Түмэннасан, М.Мэндбаяр, Ш.Ганчимэг, А.Эрдэнэсайхан, Д.Уламбаяр, Х.Өлзийхорол нарын долоон нэр дэвшигчдэд холбогдох гомдлыг тус дүүргийн иргэд цагдаагийн хэлтэст гаргаснаар хуулийн байгууллагууд шалгаж байсан ажээ. Тус дүүргийн сонгуулийн хорооноос аравдугаар сарын 24-ний өдөр тогтоол гаргаж АН-аас нэр дэвшсэн зургаан нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргаснаар үнэмлэх, тэмдэг авч, хуралдаанд суух боломжгүй болсон байна. Тус дүүргийн ИТХ-д 41 төлөөлөгч сонгогдох ёстойгоос АН-аас сонгогдсон гэх 22 хүнээс 6 нь хасагдаж 16, МАН-аас сонгогдсон 19, нийт 35 төлөөлөгч хуралдаанд оролцох эрхээ авчээ.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг энэ сарын 2-ны өдрийн 17.00 цагт зарлан хуралдуулахаар хурлын тэргүүлэгчид тогтоол гаргасан байна. Гэтэл АН-ын нэр дэвшигчид хасагдсан зургаан хүнээ хуралдаанд оролцуулахыг оролдож, МАН-ын нэр дэвшигчид үүнийг эсэргүүцэн тэдгээр зургаан хүнийг танхимаас гаргахыг шаардсанаар анхдугаар хуралдаан бололгүй таржээ. Гэтэл АН-ын нэр дэвшигчид шөнийн 04.00 цагт МАН-ын төлөөлөгчдөд зар хүргэлгүй дангаараа хууль зөрчин хуралдсан гэнэ.
Анхдугаар хуралдааныг хаяж гарсан алдаагаа засахын тулд тус дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдээс тогтоол гаргаж, хуралдааныг энэ сарын 24-ний өдөр буюу өнөөдөр 15.00 цагт хийх зар тарааснаар хуралд нийт 35 төлөөлөгч оролцсоноос ИТХ-ын даргаар МАН-аас нэр дэвшсэн төлөөлөгч Гүнсэнгийн Атармааг олонхийн саналаар сонгожээ. Дүүргийн Засаг даргад тус дүүргийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Энхтайваны Бат-Амгаланг мөн олонхийн саналаар нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод уламжлахаар тогтсон байна.
Т.Цогт
Эх сурвалж: zaluu.com