КОВИД-19 халдвараар дахин халдварлах тохиолдол 25 орчим хувьтай байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл хэллээ.
Тэрбээр “Омикрон дотроо дэд хувилбартай. Тус хувилбарын давтан халдварлах чадвар өмнөх хувилбаруудаас өвөрмөц байна гэдгийг олон улсад мэдээлж байгаа. Тиймээс КОВИД-19 халдварын эсрэг вакцины гурав, дөрөв дэх тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэлээ.
Үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Цагаан сарын дараанаас PCR шинжилгээ өгөх иргэдийн тоо нэмэгдсэн. Нэмэгдэж буй шалтгааныг судалж үзэхэд хавьтал болсон, тандалтын зорилгоор мөн зарим албан байгууллагын ажил цуглахтай холбоотойгоор шинжилгээний хариу шаардах зэргээс үүдсэн байна.
ХӨСҮТ, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл тархалтын тооцоо, судалгааг хийж ирсэн. Олон нөлөөлөх хүчин зүйлийг үндэслэж харахад халдвар тогтвортой буурч байна. Тиймээс халдварын давлагаа оргил үедээ хүрээд буурч байгаа гэдэгт итгэлтэй байна.
Хувилбарын тандалтаас харвал одоо илэрч буй халдварын тохиолдлуудын 99 хувь Омикрон байгаа” хэмээх мэдээллийг өгөв.