Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Хөгжлийн банкийг татан буулгахгүй, дампууруулахгүй. Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн зээлийг төлөхгүй. Цаашдаа Хөгжлийн банкийг “ЭКСИМ” банк буюу экспортыг дэмждэг, импортыг орлуулах үйлдвэр, үйлчилгээг дэмждэг болгон, олон улсын жишгийг дагуу ажиллана. Харамсалтай нь Хөгжлийн банк байгуулагдсан зорилгын дагуу ажиллаагүйн үр дүнд зээлийн 55.3 хувь нь чанаргүй болсон.
Хөгжлийн банкнаас зээл аваад зориулалтын дагуу ашигласан, барьцаа хөрөнгө хангалттай, тухайн төсөл Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан ААН-үүд бий. Цар тахлын улмаас эргэн төлөлт нь их биш хугацаагаар тасалдсан бол Засгийн газраас хэвийн зээл гэж үзнэ. Аль болох баялаг бүтээгчдээ дэмжиж, хамтарч ажиллана.
Улс төрийн нөлөө ашиглан зээл аваад зээлээ зориулалтын бусаар өөр зүйлд зарцуулж, тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагуудад нөлөөлсөн тохиолдол бий. Ийм хариуцлагагүй хүмүүсээс бол баялаг бүтээгчдийн нэр хүнд унаж, Хөгжлийн банкийг өнөөдрийн байдалд хүргэсэн нөхдүүдтэй Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна.
2011 онд Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш зээл авч, зориулалтын бусаар зарцуулсан, улстөрчдийн нөлөөллөөр зээл авсан бол Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах хэргээр шалгаж өгөх хүсэлтийг Ерөнхий прокурорт гаргаж байна. Нэр бүхий 15 голлох зээлдэгч байгаа. Үүнийг ялгаж салгаж, шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, Хөгжлийн банкийг хохиролгүй болгоно” гэлээ.