“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл өглөө.
Тэрээр “Ерөнхий сайд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг зургаан сарын хугацаанд барих чиглэл өгсөн. Дарханы замыг олон жил барьж чадаагүй байж зургаан сарын хугацаанд энэ төмөр замыг барьж чадах уу гэж асууж магадгүй. Бид зам барих компанийн удирдлагуудтай уулзахад “200 гаруй км газар дээр 32 ААН ажиллаж байна, хамгийн бага нь дөрвөн км, хамгийн дээд тал 10 км барина гэж авсан” гэж танилцууллаа. Төмөр замын хамгийн чухал ажил бол доод суурь буюу далан. Дээрх 4-10 км замуудын далангийн ажлыг зургадугаар сарын 1-ний дотор дуусгана гэдгээ хэлсэн. Хамгийн гол нь техник, хүчин чадал сайтай бол өдөр уртсаж байгаа учир боломжтой гэж харж байна” гэлээ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр үргэлжлэх төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, цаашид байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болно гэж тооцоолжээ.