Монгол Улс алдагдалтай хэдий ч БНХАУ-д
нүүрсээ экспортлосоор байна. Тодруулбал, жилдээ 20 сая тонн нүүрс гаргадаг
бөгөөд түүний 10 сая тонн нь Ганц мод боомтоор нэвтэрдэг аж.
Тэгвэл БНХАУ-ын Улаат дунд хошууны Ардын
Засгийн газар Монгол Улсаас авдаг уул уурхайн импортын бүтээгдэхүүний татварыг
нэмэх тухай шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл Монгол улс Хятадад нийлүүлж
буй 10 сая тонн нүүрс тутамдаа тодорхой хэмжээний татварыг нэмж төлж байхаар
болчихлоо. /тонн тутамд 8 юань, машин бүрээс 10 юань, 10 мянган юанаас давсан
үнийн дүнтэй үнэт металлаас 2 хувийн татварыг нэмж авахаар тусгажээ. /
БНХАУ-ын Улаат дунд хошууны Ардын Засгийн
газраас гарсан шийдвэр өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
Хэдийгээр энэ татвар нэг боомтоор дамжин өнгөрөхөд яригдаж байгаа ч Эрдэнэс
Тавантолгой, Тавантолгой /жижиг/, Энержи Ресурс зэрэг томоохон компаниудад
хамаарах асуудал болоод байна. Татвар нэмэгдснээр зөвхөн нүүрсээ хил давуулахад
жилдээ 30-аад тэрбум төгрөгийн зарлага гаргана гэж эх сурвалж мэдээлжээ.
Улаат дунд хошуунаас гэнэт татвар нэмэх
болсон шалтгааныг Монгол Улсад хийсэн Ламаа ламын айлчлалтай холбоотой гэж
зарим эх сурвалжууд тайлбарлаж байна.
Үндэстэн агентлаг