Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үр дүн, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, шалган зааварчилгаа өгөх, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт албаны хэмжээнд зохион байгуулагдаж байна.
Тухайлбал, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн Онцгой байдлын газарт 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажиллалаа.
Үзлэг, шалгалтаар 2016 онд гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, бэлтгэл бэлэн байдал, албан хаагчдын мэргэжлийн ур, чадвар, цэрэгжилт, жагсаалч байдал, гамшгаас хамгаалах сургалт, санхүү, улсын нөөцийн салбарын үйл ажиллагаатай танилцаж, үнэлэлт, дүгнэлт, шалган зааварчилгаа өгч ажиллав.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын \”Цэргийн бие бялдрын стандартыг тогтоон мөрдүүлэх тухай”, Зэвсэгт хүчинд дагаж мөрдөх \”Цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт”-ыг Онцгой байдлын албанд хэрэгжүүлэхтэй холбогдуулан албан хаагчдын бие бялдрын стандартыг тодорхойлов.
Мөн Батлан хамгаалахын багц хууль батлагдаж, Онцгой байдлын алба цэргийн байгууллагын бүрэлдэхүүнд орсонтой холбогдуулан газрын нийт албан хаагчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.