Улсын хэмжээнд 13 аймгийн 95 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл үүссэн хэмээн /2016.12.01/ Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Зудын эрсдэлийн зургийг өнгөрсөн сарын 22-нд дахин шинэчилж гаргасан мэдээлэл дээр тулгуурлан дараах тоо баримтыг гаргажээ. Тухайлбал, 11 дүгээр сарын 22-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувь зудын их, бага эрсдэлтэй байна.
Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Ховд, Увс аймагт цас их унаснаас малчид өвөлжихөд хүндрэлтэй болжээ. Улмаар малчдыг яаралтай нүүлгэх ажлыг зохион байгуулсан байна. ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш \”Ховд аймгийн урд гурван суманд цас их унаж, зам даваа хаагдсан байсан. Тиймээс Алтай сумын 86 малчин өрхийн өвлийн нүүдэл зохион байгуулж, их цаснаас холдуулах арга хэмжээ авсан. Увс аймгийн хойд талын сумдад 35-40 см цастай байна. Тэндхийн малчид ч сум дотроо нүүдэл хийсэн” гэлээ.
\”СУМЫН ХЭМЖЭЭНД ӨВС, ТЭЖЭЭЛИЙН БҮРДЭЛТ ДУТУУ”
Гол нь аймаг, сумын хэмжээнд өвс, тэжээлийн хангалт дутуу байгаа аж. Энэ нь аймаг, сумынхан өвс, тэжээлийн санхүүжилтын асуудлаа шийдэж чадаагүйтэй холбоотой хэмээн тайлбарлалаа. Тухайлбал, нийт сумын хэмжээнд өвс тэжээлийн бүрдэлт 50.7 хувьтай, аймгийн хэмжээнд 75 хувьтай байгаа аж. Цаг агаарын мэдээгээр 12 дугаар сарын дундаас хойш хүйтний эрч нэмэгдэж, цас орох төлөвтэй тул өвс тэжээлийн нөөцийг нөхөж, яаралтай бүрдүүлэх даалгаврыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд аймгуудад өгчээ.
\”100 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ЦУГЛАРЧЭЭ”
Тэгвэл яамны зүгээс малчдад туслах, өвөлжилтийг өнтэй давахад хэрхэн ажиллаж байгаа талаар Л.Чой-Иш \”Одоогоор 100 гаруй сая төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандивыг бэлдээд байна. Нэгдсэн дүн 12 дугаар сарын 20-нд эцсийн байдлаар хүргэнэ.
Өвөлжилтийн нөхцөлтэй уялдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг яамны зүгээс яаралтай авч байна. Энэ хүрээнд яамдууд салбар, салбартаа арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, хилийн зурвас, тусгай хамгаалалттай газарт мал өвөлжих, хаваржих нөхцөлийг хангаж өгч байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар малчдад туслах аяныг эхлүүлсэн. Үүнээс хойш төрийн болон төрийн бус байгууллагууд олноор санаачлага гаргаж, дэмжиж байна. Тухайлбал, манай яамны хувьд нэг өдрийн цалингаараа хандив өргөсөн. Бөхийн холбоо, Морин спорт уяачдын холбооноос гэх мэтчилэн санаачлагатай ажиллаж байна. Нийтдээ 20 орчим сая төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлж байгаа. Томоохон байгууллага, нутгийн зөвлөлийнхөн хамтарч ажиллах саналаа ирүүлсэн. Энэ хүрээнд малчдад нэн тэргүүнд ямар тусламж шаардлагатай вэ гэдэг судалгаа гаргаж байна.
Үүнээс гадна өвөлжилттэй холбоотойгоор яамны зүгээс орон нутагт тодорхой чиглэл өгч байна. Нэн тэргүүнд мал бэлтгэлийн хугацаандаа тухайн орон нутгийнхаа хяналтын дор мах бэлтгэлээ сайн зохион байгуулах. Сум, орон нутгийнхаа цэцэрлэг, сургууль, эмнэлгийн махны нөөцөө бүрдүүлэх чиглэл өгсөн. Мөн зургадугаар сарын 1 хүртэл шаардлагатай мах бэлтгэлийг одоо хийх зөвлөмж хүргүүлсэн” гэж мэдээллээ.
Дашрамд дуулгахад, энэ жил улсын хэмжээнд 60.8 сая мал өвөлжиж байгаа аж.
ОБЕГ