“Улаанбаатар төмөр зам” ХНН өөрийн хүч хөрөнгөөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй, манай экспорт, импортын тээврийн гол үүд хаалга болох Замын-Үүд боомтын улсын хилийн зурваст галт тэргэнд үзлэг шалгалт хийх зориулалттай тавцант цамхгийг барьж улсын хил хамгаалах 0108 дугаар ангид хүлээлгэн өглөө.
Энэхүү цамхгийг УБТЗ-ын Төв засварын үйлдвэр, Барилга ашиглалт, үйлчилгээний 3-р ангийн хамт олон богино хугацаанд барьж байгуулжээ. Уг цамхаг нь 32,8 метрийн урттай, 7,6 метрийн өндөр, 12 тонны даацтай бөгөөд өргөн, нарийн царигийн 4 замаар хилээр орж гарч байгаа галт тэргийг дээрээс нь бүрэн хянах боломжтой юм.
Улсын хил хамгаалалтын зориулалттай уг байгууламжийг хил хамгаалах байгууллагад хүлээлгэн өгөх үеэрээ УБТЗ-ын дарга Х.Хэрлэн:
– “Улаанбаатар төмөр зам” ХНН уг цамхгийг 215 сая төгрөгийн санхүүжилтээр барьж улсын хил хамгаалах байгууллагад хүлээлгэн өгч байгаа нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн 49.3-д заасны дагуу улсын хил хамгаалах байгууллагад дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байгаагийн тод жишээ юм. Галт тэргэнд үзлэг хийх энэхүү цамхгийг барьснаар улсын хилийн хэсэг болон төмөр замын хяналт шалгалтын зурваст илүү өргөн хүрээнд хяналт хийх нөхцөл бүрдэж, манай хил хамгаалах байгууллагын ажилтнууд, хилчид Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах, хилийн хууль тогтоомжийг сахин биелүүлэх, хилийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоох үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байна.” гэж хэллээ.