Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн хуулинд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцэх үеэр хуулийн төсөл дээр лобби ордог, ялангуяа ажлын хэсэгт орсон хүмүүс “хачин, хачин” заалт шургуулах гэж оролддог талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дурдаж, зарим баримтыг дэлгэлээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Хуулийн төслийг лоббиддог болоод байна. Хүнд хэлэхэд ичмээр зүйлсийг ажлын хэсэгт орсон хянан, шалгах байгууллагын төлөөлөл оруулах гэдэг шүү. “Хөдөө орон нутгаас оруулж ирэх ааруул, сүүг аймгийн Хөдөө аж ахуйн төвийн зөвшөөрлөөр нэвтрүүлээгүй бол 50 мянган төгрөгөөр торгоно” ч гэж байх шиг. “Ариун цэврийн шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр отор нүүдэл хийвэл 100 мянган төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг оруулах гээд явж байсан шүү. “Насанд хүрээгүй /бага мал, үржлийн насанд хүрээгүй/ малыг хээлтүүлсэн малчныг торгоно” гэж ч байх шиг. Ажлын хэсгийнхэнд хандаж, үүн дээр анхаараарай гэж хэлмээр байна.
Татварын алба гэж юунд ч дийлддэггүй ганц газар бий боллоо. Өмнөх хуулийн өөрчлөлтүүд дээр өөрсдийгөө Зөрчлийн хуулиар хянуулахгүй гэж лоббидоод л явж байсан. Хэнд ч хянуулж, шалгуулахгүй гэдэг. Үүний цаана авлига явагдаж байгаа шүү. Олон тэрбум төгрөгийн асуудал дээр өөрсдөө шийдвэр гаргана, бусдад хянуулахгүй гэдэг. Тэгсэн мөртлөө өөрсдийгөө хэдэн тэрбумаар шагнаад байдаг. Татварын албаныхныг байранд нь тавимаар байна гэв.