НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улс албан ёсоор 10 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн хувьд НҮБ-ын Мансууруулах бодис, хар тамхитай тэмцэх албанаас зарласнаар \”Хөгжил дэвшил, энх тайван, аюулгүй байдлын төлөө авлигын эсрэг нэгдэцгээе” уриан дор авлигын эсрэг олон улсын өдрийг дэлхий нийтээр тэмдэглэж байна.
Энэ өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран \”Авлига ба хүний эрх” сэдэвт бага хурлыг зохион байгууллаа. Авлигын үйлдэл нь хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаад дүгнэлт хийж, уг асуудалд иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулах нь уг бага хурлын гол зорилго юм. Бага хуралд \”Хүний эрхийг хангах эрх зүйн зохицуулалт”, \”Хүний эрх ба авлигатай тэмцэх бусад улсын туршлага”, \”Авлига, албан тушаалын гэмт явдлаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад шүүхийн гүйцэтгэх үүрэг, анхаарах зарим асуудал”, \”Хүний эрх ба авлига”, \”Шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалахад прокурорын үүрэг оролцоо” зэрэг сэдвээр Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газар, \”Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлж, бага хурлаас Зөвлөмж гаргав.
Авлигатай тэмцэх газраас энэ жилийн хувьд авлигатай тэмцэх үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг, хяналтыг бий болгоход анхаарч байна. Иймд авлигын эсрэг олон улсын өдрийг угтан гааль, татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, авлигатай тэмцэхэд иргэд, олон нийтийн хяналт, оролцоог хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах зорилгоор орон нутагт ажилласан бөгөөд иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид буюу олон нийтийг хамруулан илтгэлийн уралдаан, парламентын мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа.