Боловсрол, Шинжлэх Ухааны яам(БШУЯ), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим(МҮХАҮТ) болон Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын хамтарсан зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо.
Мөн 2022 онд Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан компаниудыг энэ санаачилгад нэгдэхийг урив. ТОП-100 аж ахуйн нэгжид өнөөдөр 100 мянган хүн ажиллаж байгаа бол тэдний 33 мянга нь бага насны хүүхэдтэй гэсэн судалгаа бий.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 26 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж, 74 салбар бүлэгт хоёр мянга орчим хүүхдийг хамруулж байгаа юм.
Хэрвээ байгууллагууд дэргэдээ цэцэрлэг ажиллуулбал төрөөс,
- Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал
- Хүүхдийн хоолны зардал
- Багш бэлтгэл, хангалт
- Багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа
- Цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл, стандартын уян хатан зохицуулалт
- Мэргэжлийн удирдлага
- Нэг цонхны үйлчилгээ зэргээр хангаж ажиллана.
Энэ уулзалтын үеэр ТЭСО групп 2019 оноос эхлэн ажиллуулж байгаа цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг танилцуулан сайн туршлагаасаа хуваалцсан юм. Аав, ээжийн ажлын газрын дэргэд цэцэрлэгтэй байснаар,
- Ажилтан ажилдаа сэтгэл ханамжтай байж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ
- Хөдөлмөрийн бүтээмж сайжирна
- Байгууллагын нийгмийн хариуцлага дээшилнэ
- Шинээр ажлын байр бий болно
- Ажлын цаг ашиглалт сайжирна
- Замын түгжрэл, стрессийг бууруулна.
Уулзалтад ирсэн төлөөлөл үйл ажиллагаа эрхлэхэд төрийн байгууллагуудаас ирэх хүнд суртал, дарамт шахалт, элдэв стандарт шаардлагуудыг эргэж харах шаардлагатай байгааг хэллээ гэж БШУЯ-наас мэдээлэв.