Маргаашаас буюу Лхагва гарагаас эхлэн Оросын төрийн өмчит Газпром компани Умард Урсгал хоолойгоор Европ тивд нийлүүлдэг байгалийн хийн хэмжээгээ эрс бууруулахаар болжээ.
Тухайлбал өдөрт нийлүүлэх хийн хэмжээгээ дамжуулах хоолойн бүрэн багтаамжаас 20 хувь багасгаж, 33 сая шоо метрт хүргэхээр болсон байна.
Газпром үүнийгээ техникийн асуудлаас шалтгаалан дамжуулах хоолойн нэг турбинийг зогсоох болсонтой холбоотой гэж тайлбарлажээ.
“Бидэнд байгаа мэдээллээс үзвэл нийлүүлэлтийг багасгах техникийн үндэслэл байхгүй” гэж Германы эдийн засгийн яамнаас мэдээлжээ.
Турбиний засвар үйлчилгээг хариуцдаг Германы Siemens Energy групп бас хийн нийлүүлэлт багасахад техникийн асуудал нөлөөгүйг баталсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Газпром дамжуулах хоолойд 10 хоног засвар үйлчилгээ хийсний дараа буцааж нээхдээ нийлүүлэх хийн хэмжээгээ багтаамжийн 40 хувиар бууруулсан юм.
Оросын байгалийн хийгээс ихээхэн хамааралтай Герман улс эрчим хүчний нийлүүлэлтээ “зэвсэг” болгон ашиглаж буй Москвагийн эрх баригчдыг буруутгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Европын Холбооны удирдлага гишүүн орнууддаа ирэх өвлийг эрсдэлгүй давахын тулд хийн хэрэглээгээ 15 хувиар танахыг уриалж байв.
Гэвч зарим гишүүн орнууд нь уг уриалгыг эсэргүүцэж байгаа.
Газпромын мэдэгдлийн дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хэлэхдээ Оросын явуулж буй “хийн дайн”-ы хариуд эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авахыг Европын Холбоонд уриалжээ.
“Өнөөдөр бид Европыг хийгээр сүрдүүлсэн тухай сонслоо. Энэ бол Европын нэгдэл нягтралыг сарниулах зорилгоор хийн дайн зарласан хэрэг юм” гэж Зеленский хэлсэн байна.
Эх сурвалж: AFP