Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг танилцуулж, айлчлалын ажлын төлөвлөгөөг баталжээ.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монгол Улсын Ерөнхий сайд Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар 11 жилийн дараа албан ёсны айлчлал хийсэн. Сингапур улстай харилцаа хөгжүүлж байх явцдаа олон салбар чиглэлээр хөгжлийн ололтуудыг нутагшуулах, туршлага солилцож, судалгаа хийж ажиллаж байсан. Гэхдээ энэ удаагийн айлчлал шиг үр дүнтэй айлчлал хэрэгжиж байгаагүй.
Айлчлалын хүрээнд дөрвөн санамж бичигт гарын үсэг зурсан. Тухайлбал, Ерөнхий сайд “Темасек” олон улсын сангийн гүйцэтгэх захиралтай уулзсан.
Монгол Улсын Ерөнхий сайд Сингапурын хуримтлалын сан, “Темасек” олон улсын сан, Орон сууц хөгжлийн зөвлөл, Сингапурын үндэсний их сургуульд тус тус зочлон үйл ажиллагаатай танилцлаа. Яриа хэлэлцээрийн үеэр,
- Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх чиглэлд Сингапурын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи нэвтрүүлэх
- Цахим шилжилт, хуримтлалын сан
- Нийтийн орон сууцжуулалт, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах
- Ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлэх замаар авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх
- Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд Сингапурын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар үр ашигтай ажиллахын тулд тодорхой баримт бичгүүд байгуулсан” хэмээн хэллээ.