ДЭМБ-аас сармагчны цэцэг өвчнийг олон улсын хэмжээний Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн 2022 оны долдугаар сарын 23-ны өдөр зарласан. Тиймээс манай улс энэ өвчний эрсдэлийн үнэлгээг долдугаар сарын 27-ны өдөр гурав дахь удаагаа хийсэн байна.
Эрсдэлийн үнэлгээг хийсэн багаас сармагчны цэцэг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирвэл тархах эрсдэл “Дунд” гэж үнэлжээ.
Ээлжит эрсдэлийн үнэлгээг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Ганхуяг удирдан зохион байгуулж, Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ), ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв(НЭМҮТ), Гаалийн Ерөнхий Газрын төлөөлөл нийт 20 гаруй удирдлага, мэргэжилтэн оролцсон байна.
Уг өвчин дэлхийн 76 улсад 16,000 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 56 тохиолдол нь Ази, Номхон далайн бүсэд бүртгэгдэж, таван хүн нас баржээ.