“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам ирэх амралтын өдрүүдэд болно.
Тус наадмыг нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Аялал Жуулчлал газар болон Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс хамтран зохион байгуулах талаар мэдээлэв.
Мөн Монголын хүрээ цамын түүхэн ач холбогдлын талаар Гандантэгчэнлин хийдийн ХМОНХ албаны дарга Ч.Бямбажаргал танилцуулсан юм. Тэрбээр “Даншиг наадмыг 1639 оноос Монголд хийж эхэлсэн. Үүнээс хойш 1811 онд дөрөвдүгээр Богдын болгоолтоор төмөр хонь жил цамыг анх дэглэж гаргасан байдаг.
Цам нь бурхны шашны бага таван ухааны нэг болох бүжиглэхүйн ухаанд ордог. Утга нь тарнийн ёсны гүн гүнзгий утгатай зан үйл, арга засал байдаг. Гадаад хорлол, дотоод түйтгэр болох хорт муу сэтгэл, нисванисыг дарах ач тустай учраас сүсэгтэн олон энэхүү цамд ирж залбирч, ажил үйлсээ даатгах нь зүйтэй. Монголын хүрээ цам нь Дамдинчойжил сахиусыг голлодог. Дээр үеэс ноёд түшмэд, мөргөлчид, сүсэгтэн олон цамыг үзэхээр ирж, залбирдаг байсан” гэв.