Эзэд нь хотын байрандаа ирж өвөлжихөөр явсан хойгуур хулгайч зуслангийн байшингийн паркетан шалыг нь хуулж аваад явсан, LCD зурагтыг нь хулгайлсан хэргүүдийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Тус хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Чинзориг \”Зуслангийн эзэнгүй байшинд нэвтрэн орж мөнгөн аяга, зурагт, үнэт эдлэл хулгайлсан Б, А, О нарыг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Амар хялбар аргаар мөнгө олохыг хүссэн этгээдүүд өвлийн цагт зуслангийн эзэнгүй байшингаас хулгай хийх хэргүүд гардаг. Тиймээс иргэд үнэт эд зүйлээ зуслангийн байшиндаа орхихгүй байх, гэрээ эзэнгүй орхиж байгаа гэдгээ зуслангийн манаач, сахиулд мэдэгдэх, харуул хамгаалалтын байгуулагатай хамтарч ажиллах зэргээр өөрийн өмч хөрөнгөө хамгаалах хэрэгтэй” гэлээ.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр зуслангийн чиглэлд хамаардаг. Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн зуслан дахь цагдаагийн дэд хэсэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг. Тус хэлтсээс зуслангийн эзэнгүй байшингуудын судалгааг гаргаж, зурагжуулан нэгдсэн санд бүртгээд, эргүүлийн үйл ажиллагаагаар хяналт тавьж, иргэдийн өмч хөрөнгийг хамгаалан ажиллаж байна. гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ