Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр болон маргааш нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 20-22 градус дулаан байна.
Наймдугаар сарын 18-22-ны цаг агаарын төлөв
Энэ сарын 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи 18-нд Алтайн уулархаг нутгаар, 19-нд нутгийн зарим газраар, 20-21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүснэ.