Өмнөд Солонгосын шүүхээс прокурор асан Жин Кунг Жу-д дөрвөн жилийн ял оноожээ. Түүнийг 14.7 тэрбум вон буюу 12 сая ам.долларын гэрээ хэлцлийг өөрийн хүргэний өмчлөлийн компанитай хийх талаар Кореан эйр компанид шахалт дарамт үзүүлсэн хэрэгт ялласан байна.
Харин түүнд Нэксон компанийн зарлаагүй хувьцаа худалдан авахын тулд мөнгө төлсөнтэй холбоотой хээл хахуулийн хэргийг нь цаагаатгасан талаар Сөүлийн төв дүүргийн шүүхийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч Шин Дэ Ван мэдэгдсэн юм.
Уг компанийн хувьцааг өнгөрсөн жил Японы компани худалдаж авснаар Жин Кунг Жу үлэмж хэмжээний ашиг олсон байна. Тэрээр 2010 онд Кореан эйр компанийн цэвэрлэгээний ажлыг өөрийн хүргэний компаниар гүйцэтгүүлэхийн тулд тус компанийн дэд ерөнхийлөгчид шахалт үзүүлсэн хэмээн шүүхийн шийдвэрт дурдсан байна.
Жин Кунг Жу нь тухайн үед Кореан эйр компанийн бизнесийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой хэргийг хааж өгснийхөө төлөө өөрийн хүргэний компанид бизнесийн давуу байдал олгуулахаар шахсан байна. Цэвэрлэгээний ажлын тендер 14.7 тэрбум вон буюу 12 сая ам.доллараар үнэлэгджээ.
Шүүхээс Кореан эйр компанийн албан хаагч Су Юун Вон-д уг хэрэгтэй холбоотойгоор хоёр жилийн ял оноожээ. Прокурор асан Жин нь дэд сайдын түвшний албыг хашиж байсан ба тус улсад ял хүлээж буй хамгийн өндөр түвшний прокурор аж. Түүнийг өнгөрсөн 8 дугаар сард албан тушаалаас нь чөлөөлжээ.