АТГ-аас Зам, тээвэр хөгжлийн яаманд өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан ЗТХЯ-ны Автозамын газрын дарга асан Д, болон О нарыг өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны шөнө саатуулсан байж болзошгүй мэдээлэл гарсан юм.
Уг мэдээллийг нягтлахаар АТГ-аас тодруулбал, “Өчигдөр дарханы замын хэрэгтэй холбогдуулан Д, О нарыг саатуулсан нь үнэн” гэлээ.
Наймдугаар сарын 15-ны өдөр Авлигатай тэмцэх газраас Дарханы замын тендер сонгон шалгаруулсан албан тушаалтнуудын гэр болон Зам тээврийн, хөгжлийн яаманд нэгжлэг хийж эхэлсэн талаараа мэдэгдэл хийх үеэр Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Дарханы замын тендер сонгон шалгаруулалтад холбогдох албан тушаалтнуудад хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. Нэгжлэгийг ЗТХЯ болон албан тушаалтнуудын орон байр зэрэг 30 гаруй объектод явуулж байгаа. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх мэдээллийг өгч байсан билээ.