Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-нөөс 11 уулзвараар гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргэхээр болсон талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Үүнд,
1.32-ын тойргийн уулзвар
2.100 айлын уулзвар
3.Дарь-Эхийн уулзвар
4.Тасганы овооны уулзвар
5.ЭНЭШТ-ийн уулзвараар
6.Төв шуудангийн уулзвар
7.10-р хорооллын уулзвар
8.120 мянгатын уулзвар
9.АПУ-ын хойд уулзвар
10.ТЭЦ 3-ын арын уулзвар
11. Амарсанаагийн уулзварууд багтаж байгаа юм.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор Баруун болон Зүүн дөрвөн зам, Саппоро, Гэсэр сүмийн уулзвараар улаан гэрэл үл хамааран эргэж болох зохицуулалт хийж, аравдугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ийнхүү энэ даваа гарагаас эхлэн нийт 15 уулзвараар гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргэх боломжтой болж байна. Жолооч баруун гар тийш эргэхдээ эсрэг урсгалаас ногоон гэрлээр ирж буй автомашинд болон зам гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөх ёстой.
Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байгаагаас 48 уулзвар баруун гар тийш тогтмол эргэх боломжтой. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын судалгаагаар уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, тухайн уулзварт үүссэн түгжрэлийг 20 хувь багасгах юм.
Үндэстэн агентлаг