УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Түүнийг Ц.Туваан, С.Одонтуяа, Б.Бейсен нарын хамт АН-аас найман жилийн хугацаатай хасаж байгаа талаар С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын гишүүд өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
-МАН-аас АН-ын бүлэгт дөрвөн сайдын суудал амласан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Засгийн газар орж ажиллах, дөрвөн сайд томилох тухай албан ёсоор яригдсан зүйл байхгүй. Албан ёсоор санал ирээд түүнийг нь бүлэг дээрээ хэлэлцээд байсан юм алга.
-АН-аас дөрвөн сайд томилно. Сайдаар томилогдох гишүүдийн нэг нь таныг гэсэн мэдээлэл гарсан. Хэрэв танд санал тавибал та сайд болох уу?
-Тий зүйл байхгүй. Би сайд болохгүй. Би чинь бүлгийн дарга гээд асар их ачаалалтай ажил аваад явж байгаа хүн шүү дээ. Надад хувь хүний хувьд асар их ажил байна.
-Ер нь хамтарсан Засгийн газар байгуулж ажиллах нь хэр зэрэг зөв алхам гэж бодож байна вэ?
-Аливаа зүйлд туйлын буруу, туйлын зөв гэсэн ойлголт байдаггүй. Ер нь 1990 оноос хойш есөн бүрэн эрхийн хугацааны дөрөвт нь хамтарч байсан байна. Нийтдээ долоон Ерөнхий сайд эвслийн Засгийн газрыг ахалж байсан.
-АН-ын дарга асан С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийгээд таныг гурван гишүүний хамт АН-аас хасаж байгаагаа хэлсэн. Ингэснээр АН УИХ-д бүлэггүй болж байна гэсэн. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
–АН бүлэгтэй, бүлэггүй тухай асуудал ярьж байгаа хүмүүст хуулиа унш гэж хэлмээр байна. УИХ дахь намын бүлэг гэдэг бол Үндсэн хуулийн бүтцийн байгууллага. Үүнийг төрийн бүтцээс гадуур байгаа хэн нэгэн тараах эрх зүйн үндэс байхгүй. Хүн хөөх нь байтугай энэ намыг төлөөлж шийдвэр гаргах эрхгүй гэдгийг хүмүүс ойлгож байгаа байлгүй дээ.