Хүн бүрийн амны уншлага болоод буй Улаанбаатарын утааны эсрэг дорвитой арга хэмжээ яаралтай авахыг шаардаж ээж, аавууд жагсахаар болжээ.
Энэхүү жагсаал арванхоёрдугаар сарын 26-ны 10.00 цагт Сүхбаатарын талбайд болох юм. Жагсаалаар утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардахаас гадна, авах боломжтой арга хэмжээнүүдийн талаар зөвлөмж хүргүүлэхээр эцэг, эхчүүд нэгдээд байна.
\”Утааны эсрэг ээжүүд” холбооноос уг жагсаалыг санаачилсан бөгөөд энэ талаарх мэдээллийг өчигдрөөс эхлэн нийгмийн сүлжээгээр түгээж, бүхий л насныхан дэмжихээ мэдэгдэж байгаа юм.
Санаачлагчид яг одоо жагсаал зохион байгуулах хүсэлтээ өгч байна. Ингээд жагсаал зохион байгуулагчдын зүгээс гаргасан уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
\”Утааны эсрэг жагсаалд ээж аавууд нэгдээрэй!
Хүндэт эцэг эхчүүд ээ, хүүхдүүдийнхээ төлөө нэгдэж утааны эсрэг жагсая!
2016 оны 12-р сарын 26-ны даваа гарагт 10.00 цагт Сүхбаатарын талбайд жагсацгаая. Хэдий болтол бяцхан үрстэйгээ хорт утаагаар амьсгалахыг хүлцэнгүйгээр тэвчин дор бүрнээ халаглах билээ.
Утаа гамшиг болсноор 15 жил өнгөрөхөд бид нэгдэж нэг удаа тэмцсэн билүү? Тиймээс \”Утааны эсрэг ээжүүд\” холбооноос энэхүү тайван жагсаалыг санаачилж,та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.
Жагсаалд оролцох хүмүүс өөрсдийн үзэл бодол нөхцөл байдлыг илэрхийлэх лоозон самбар лаа зэргээ бэлдэж ирвэл сайн байна. Фэйсбүүк дэх \”Утааны эсрэг ээжүүд\” группт нэгдэн жагсаалтай холбоотой санал бодлоо хуваалцаарай.
Хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд маань жилдээ 2-4 удаа уушигны хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас рууга байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил мэт боллоо.
Утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, өнөө маргаашгүй төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж хичнээн ээж нулимсаа арчихаас өөр зүйл хийж чадалгүй өнгөрсөн бол? Эдгээр зовлонг тойрч гарсан гэр бүл Улаанбаатарт байна уу? Магадгүй бид дэндүү удаан хүлцэнгүй байснаар улстөрчид утаа арилгах нэрээр улсаас мөнгө завшдаг үйлдлийг нь өөгшүүлсэн.
Тиймээс нэгдэн нийлж эхний эсэргүүцлийн масктай жагсаалыг хамт хийцгээе! Энэхүү постыг олонд хүртэл шэйрлэнэ үү. Жагсаалын талаарх мэдээллийг 88002839 дугаарын утаснаас лавлана уу.
\”Утааны эсрэг ээжүүдийн холбоо”