Эрүүгийн цагдаагийн газраас автомат буюу цахим тоглоом нэрээр үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжүүдийн судалгааг гарган дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хүргүүлжээ. Улмаар дүүргүүдийн цагдаагийн хэлтэс энэ оны арваннэгдүгээр сарын 22-29-ны өдрүүдэд харъяа нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй газруудад шалгалт зохион байгуулжээ.
Шалгалтаар хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүйгээр автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж буй 25 газрыг илрүүлжээ. Үүнээс автомат тоглоом нэрийн дор хуулиар хориотой бооцоот тоглоом тоглосон 19 автомат тоглоомын газрын 149 ширээ, бусад эд зүйлийг эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133, 134 дүгээр зүйлд заасны дагуу хураан авч, эд хөрөнгийг битүүмжилсэн байна. Мөн шалталтад хамрагдсан 16 аж ахуй нэгжид эрүүгийн хуулийн тусгай ангийн 243.1 дахь зүйл ангиар /хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэлх хугацаагаар баривчлах/ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Мөрдөн байцаалт явагдаж буй учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм байна.
Нийслэлийн соёл урлагийн газраас автомат буюу цахим тоглоом хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгосон байдаг. Гэсэн ч энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн соёл урлагийн газраас бүх зөвшөөрлийг хүчингүй болгосон. Ийнхүү аль нэг хэлбэрээр автомат болон цахим тоглоомын газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
Тэгэхээр автомат тоглоом нэрийн дор үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд бүгд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.