Бүрэн шаталттай утаагүй зуух нийлүүлэх үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаа /2016.12.21/ Буд төвд боллоо. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны 3 дугаар тогтоолоор агаарын бохирдол ихтэй аймгуудад агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох, тухайн бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг баталсан байдаг. Үүний хүрээнд манай аймагт таван төрлийн 500 ширхэг бүрэн шаталттай утаагүй зуухыг гэр хорооллын бүсэд оршин суудаг өрхүүдэд тараах ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс эхний ээлжинд буюу 2016 оны 3 дугаар сард 167 зуухыг худалдан борлуулжээ. Харин үлдсэн 333 зуухыг өнөөдрөөс эхлэн борлуулж байна.
Эдгээр зуухыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны 50 хувийн санхүүжилт, аймгийн ЗДТГ-ын 20 хувийг санхүүжилтээр буюу нийт 70 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалан борлуулахаар гэрээ байгуулан, борлуулалтын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд иргэд банкны зээлээр худалдан авах боломжтой тухай аймгийн ХОХБТХ-ийн дарга С.Баясгалан мэдээллэв.
Дээрх зуухнуудын үндсэн үнэ 300-500 мянган төгрөгийн хооронд бөгөөд хоногт 2-4 удаа галладаг бөгөөд түлшийг 30-40 хувь хэмнэж , халуунаа 8-12 цаг барьдаг, үнс маш бага гардаг, эрүүл мэндэд хоргүй зэрэг олон давуу талуудтайг борлуулагч байгууллагууд болох \”Их тэнгэрийн хүч” ХХК, \”Рояал өүшн” ХХК –иудын төлөөллүүд хэлж байлаа.
Ийнхүү гэр хорооллын айл өрхүүдэд Бүрэн шаталттай утаагүй зуухыг нийлүүлснээр Дархан хотын гэр хорооллын утаа багасах төдийгүй иргэдийн түлшний мөнгө хэмнэгдэнэ. Иймээс төр засгаас хэрэгжүүлж байгаа \”Утаагүй зуух” төсөл хөтөлбөрийг дэмжиж, айл өрхүүд идэвхтэй хамрагдах нь чухал юм.
М.ГҮНЖИЛХАМ