Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ойрын хугацаанд түгжрэлийн эсрэг ямар арга хэмжээ авах тухай сэтгүүлчийн асуултад хариулав.
“Замын түгжрэлийг бууруулах богино хугацааны олон шийдэл бий. Түгжрэлийг бууруулах шийдвэр яагаад хурдан гарахгүй байна гэхээр Нийслэлийн нийтийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв гэж бий. Бодит байдал дээр Нийслэлийн нийтийн тээврийн газраас тодорхой санал гаргаж үзүүлсэн юм байхгүй. Экспресс автобус гэж төсөл танилцуулсан. Үүний үр дүн нь түгжрэлийг 2%-аар бууруулах байсан тул дэмжээгүй.
Хоёрдугаарт нийтийн тээврийн автобусны богино эргэлтийн чиглэлүүдийг ярьсан. Үүнд үүрэг өгсөн ч урагш муутай явна.
Замын хөдөлгөөний удирдлагын төв тооцоолол хийдэг. Тооцоолол хийгээд тусгай эгнээг гаргачихаар хажуугийн эгнээний түгжрэл улам нэмэгдэнэ. Тэгэхээр үүнээс үүдэн гарах үр дагавар, нэгдүгээр эгнээг чөлөөлөх асуудалд хяналт тавих хэрэгтэй байгаа юм.
Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн автобусанд зориулан чөлөөлсөн ч бусад нь зөрчдөг. Үүнд торгууль тавьдаг. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөний зөрчил гарган давхацсан тоогоор 1.1 сая хүн торгуулсан гэхэд 78% төлөөгүй явж байгаа. Торгуулийг албадан төлүүлдэг тогтолцоо байхгүй. Иймд дүрэм журам үүргүүдийг өгсөн. Үүнд хугацаа орж байна” хэмээн тайлбарлав.
Нэг асуудал дээр 3-аас дээш байгууллага холбогдож байна. Нэг нэгийгээ хүлээдэг. Одоогийн байдлаар түгжрэлийн эсрэг яг шийдэгдчихсэн зүйл алга” гэв.