БНХАУ-ын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Сэтгүүлчид энэ үеэр Хуа Чуньинээс Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын хийсэн мэдэгдлийг Хятадын төр хэрхэн хүлээж авсан талаар тодруулсан байна.
Сэтгүүлчийн \”Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ярилцлагадаа \”Далай ламыг улсдаа урьсан явдал хоёр орны харилцаанд муугаар нөлөөлсөнд харамсч байна. Монгол Улс \”Нэг Хятад” бодлогыг тууштай дэмжсээр ирсэн бөгөөд дахин хэзээ ч Далай ламыг шашны асуудлаар урихгүй гэдгээ амалж байна” гэж хэлсэн. Хятадын тал энэ мэдэгдлийн дараа ямар хариу үйлдэл үзүүлэх бол” гэсэн асуултанд Хуа Чуньин \”Хятадын тал Монголын Гадаад харилцааны сайдын маш тодорхой мэдэгдлийг хүлээж авсан. Төвдтэй холбоотой асуудал нь БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг шууд хөнддөг. Тийм ч учраас Төвдийн талаар манай улсын байр суурь маш тодорхой. Монголын тал энэ явдлаас сургамж авч, цаашид БНХАУ-ын суурь ашиг сонирхлыг хүндэтгэдэг, харилцаагаа улам сайжруулахын төлөө хичээдэг болно гэж найдаж байна” гэж хариултыг өгсөн байна.
Үндэстэн агентлаг