Арабын Нэгдсэн Эмират Улсын эрх баригчид гадаадын жуулчдад зориулан ковидын хязгаарлалтуудынхаа ихэнхийг цуцалжээ. Энэ шийдвэр 11 дүгээр сарын долооны өдрөөс үйлчилж эхэлсэн гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Шинэ журмын дагуу дотор болон гадна орчинд, тэр дундаа сүм хийдэд ёслол хийх үеэр амны хаалт зайлшгүй зүүх шаардлагагүй болжээ. Гэхдээ эмнэлэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан төвүүдэд амны хаалт зүүх журам урьдын адил үйлчлэх юм байна.
Харин спорт болон бусад олон нийтийн арга хэмжээнийн зохион байгуулагчид оролцогчдоос дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээгээ шаардах эрхтэй болох гэнэ. Тухайн арга хэмжээний онцлогоос шалтгаалж вакцины гэрчилгээ шаардах эсэхийг шийдэх юм байна. Мөн халдвар авсан нь тогтоогдсон хүмүүсийг таван өдөр тусгаарлах журам урьдын адил үйлчлэх аж.