Владимир Путин цөмийн дайны аюул заналхийлж байгаа ч, Орос улс түрүүлж цөмийн зэвсэг ашиглахгүй гэдгээ мэдэгдлээ. Мөн тэрээр ОХУ-ын хүний эрхийн зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ Орос, Украины дайн “урт хугацааны үйл явц” байж магадгүй гэж дурдсан байна.
“Дайны аюул нэмэгдэж байна, үүнийг нуух нь буруу” гэж Путин цөмийн дайны хэтийн төлөвийн талаар ярихдаа анхааруулсан ч Орос улс ямар ч тохиолдолд зэвсгээ түрүүлж ашиглахгүй, цөмийн зэвсгээр хэнийг ч заналхийлэхгүй гэж тэр баталлаа.
Орос улс дэлхийн хамгийн орчин үеийн, дэвшилтэт цөмийн зэвсэгтэй.
Путин Украины зүүн өмнөд, Оросын баруун өмнөд хэсэгтэй хил залгаа Азовын тэнгисийг нэгтгэснээр Оросын “дотоод тэнгис” болсон гэдгийг онцолж байлаа. Херсон, Запорожье, Луганск, Донецк зэрэг бүс нутгийг Оросын шинэ газар нутаг гэж зарласан ч Москва эдгээр бүс нутгуудын алийг нь ч бүрэн хяналтдаа байлгадаггүй.
Орос улс Украины эрчим хүчний сүлжээнд өргөн цар хүрээтэй довтолгоог аравдугаар сараас эхлүүлсэн. Үүнээс хойш тус улсын эрчим хүчний дэд бүтцийн тал хувь нь гэмтэж, өвлийн температурт сая сая Украинчууд цахилгаан, эрчим хүчгүй байна.
Киев хотын дарга Виталий Кличко цахилгааны хязгаарлалтад өртсөн Украины нийслэлд “сүйрэл” нүүрлэж болзошгүйг Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа анхаарууллаа. Тэрээр “Киев эрчим хүч, ус, дулааны хангамжаа бүрэн алдаж магадгүй. Холливудын кинонд гардаг шиг аймшигтай сүйрэл болоход ойрхон байна” гэжээ.
Хэдийгээр тус хотод халаалттай хоргодох байр байгаа ч бүх оршин суугчдад хүрэлцэхгүй байгааг хотын дарга хүлээн зөвшөөрч, нөхцөл байдал хүндэрвэл иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байх ёстой талаар мэдээллээ.
Лхагва гарагийн хуралдааны өмнө дайны талаар эргэлзэж, эсрэг байр суурьтай байсан зөвлөлийн 10 гишүүнийг огцруулж, дайныг дэмжигч хүмүүсийг томилсон. Мөн уулзалтын үеэр хэлэлцэх асуудлуудыг урьдчилж сайтар шалгасан гэж Оросын хараат бус мэдээллийн “Верстка” мэдээлэв.
Сүүлийн хэдэн долоо хоногт Оросын цөмийн эрдэмтэд цөмийн болон тактикийн зэвсгийг хэзээ Украины газар нутагт ашиглаж болох талаар нягт нямбай судалж байна. Тактикийн цөмийн зэвсэг нь их хэмжээний сүйрэлд хүргэх зорилготой стратегийн зэвсгээс ялгаатай нь тулалдаанд ашиглах зориулалттай юм.
Эх сурвалж: BBC