УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр \”Сонгуулийн хуулийн төсөлд МАХН-ын төлөөлөл болох намайг оруулаагүй. Гэхдээ хууль санаачлах эрх УИХ-ын гишүүдэд байдаг учраас бүрэн эрхийнхээ хүрээнд орж ирсэн хуулийг анхааралтай харлаа. Манай Монгол Ардын Хувьсгалт Нам тэр дундаа миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Тухай Хуулийг эсэргүүцэж байна. Эсэргүүцэх дөрвөн шалтгаан байна.
Нэгдүгээрт: Энэ хуулинд төрийн жинхэнэ албан хаагчийг нэгдүгээр сарын 1-нээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байхыг шаардсан байгаа. Гэтэл сонгууль зургаадугаар сард болно. Нэгдүгээр сарын 1-н гэдэг нь хууль баталсан ч мөрдөх боломжгүй гэсэн үг.
Хоёрдугаарт: Заавал аль нэг намын гишүүн байхыг шаардаж байна. Нам бус хүн бол өргөдлөөр хүсэлт гаргана гэсэн байна. Энэ нь хувь хүнийг хүчээр сонгогдох эрхийг нь хязгаарлаж, сонгогдох эрхийнхээ төлөө намд хүчээр элсэн шахалтыг үзүүлж байна.
Гуравдугаар: Тэгш бус байна. Суудалгүй намуудыг зөвхөн дэмжиж оролцож болно гэж заасан байна. Зөвхөн дэмжиж байна гэдэг үгнээс өөр ямар нэг оролцоог тодорхойлсон үг алга.
Дөрөвдүгээрт: Гуравхан нэр дэвшүүлэх эрх бүхий субьект байхад үүнд хамтран нэр дэвшүүлэх тухай асуудал хөндөж байгаа нь манайх шиг нэг суудалтай намыг хүчээр аль нэг намтай хамтарч нэр дэвшихийг шахаж байна\” гэв.
Гэтэл хуулийн төслийг өргөн барьсан гишүүд дунд УИХ-ын гишүүн О.Баасанхүү явсныг гэрчлэх зураг, гэрчүүд ч байх нь тэр. Тэгэхээр манай гишүүн ямар хууль өргөн барьж байгаа мэдэлгүйгээр л УИХ-ын даргын өрөөнд хамтдаа гүйгээд орчихсон бололтой.
Г.Нараа