1960 онд ЗХУ-д \”2017 он” гэх диафильм гарч, Октябрийн хувьсгалын 100 жилийн ойн энэ онд ЗХУ ямар ололт амжилтад хүрэхийг өгүүлжээ. Смехов буюу Инээдэм гэдэг зураач зурсан ч энэ нь хошин бүтээл бус, зөвлөлтийн эрдэмтэд оролцон зохиосон ул суурьтай прогноз байж.
– \”Цагийн томруулдаг шил” гэх төхөөрөмжийг ашиглан цаг хугацаагаар аялж, томруулан тодруулан үзэж харна.
– Берингийн хоолойд далан барьж, Хойд Мөсөн далайн хүйтний нөлөөг хааснаар, ЗХУ бүхэлдээ их дулаан уур амьсгалтай болно.
– Атомын хурдан галт тэргээр зорчино.
– 4 гэрлийн жилийн зайд орших Альфа-Центавр оддын систем рүү фотон пуужингаар аялна. Фотон гэдэг нь эсрэг биетийн гэрлийн хөдөлгүүр ашиглана гэсэн үг.
– Хоолны нэрийг цаасан дээр бичээд шургуулчихад, хийгээд тавьчихдаг кулинар-машин айл бүрд заларна.
– Агаар мандалд цаг агаарыг удирдан, таагүй үзэгдлүүдийг устган, ямагт тааламжтай байлгадаг станциуд хөвөн эргүүл хийнэ.
– Хойд туйлд Углеград гэх газар доорхи хот байх агаад, уур амьсгал нь нэн зөөлөн, уурхайчид хамаг бүхнийг роботод даатган, өөрсдөө газар доорхи далайн эрэгт, газар доорхи тэнгэрт гийх газар доорхи нарны гэрэлд биеэ ээн шарах ажил хийнэ.
– Сэрүүлэг хүний хамрыг няслан сэрээдэг болно.
– Номхон далайн өмнөд хэсэгт нэгэн арал дээр л хэсэг империалист байх аж. Хараад байхад Рапануи арал юм уу даа. Тэд ЗХУ-ын жаргал цэнгэл, хөгжил дэвшилд атаархан, мезон зэвсэг буюу молекул задлах бөмбөг бүтээн туршина. Туршилт амжилтгүй болж аралтай юутайгаа сөнөж үгүй болно. Үүнээс үүдэн, агаар бохирдох, шуурга үүсэхийг завдавч, цаг уур удирдах станциуд таслан зогсооно. Ийнхүү даян дэлхийн коммунизм бүрэн ялна.
Одоогийн бидний амьдрал ийм байгаа билүү? Юу нь биелж, юу нь биелээгүй байна вэ?
Эх сурвалж: Munkhbayar Ch