Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийгдээд сар гаруй
хугацаа өнгөрч байна. Гэвч энэ шинэчлэл хотын захаас явдаг иргэдэд маш их
хүндрэл учруулж байгаа юм. Уг нь автобусаар үйлчлүүлж буй иргэд цахим карттай
болчихвол дамжин суулт үгүй болно гэж албаныхан сурталчилж байлаа. Гэвч энэ
сурталчилгаа ажил хэрэг бололгүй өнөөдрийг хүрч байна. Тэгвэл өчигдөр НИТХ-ын
дарга Т.Баттулга уг асуудалд \”Дамжин
суултын тухайд өнгөрсөн долоо хоногт нийтийн тээвэрт үйлчилж буй аж ахуйн
нэгжийн удирдлагатай уулзсан. Энэ үеэр дамжин суувал 60 хувь хөнгөлөх шийдвэр
гаргасан. Харин хүүхдүүд үнэгүй зорчих юм. Нэг ёсондоо та эхний автобусанд 500
төгрөг төлсөн бол дараагийнхдаа 200 төгрөгөөр зорчино гэсэн үг” хэмээн тайлбар хийлээ. Ямартай ч иргэд 1000
төгрөгөөр зорчдог байсан бол 60 хувийн хөнгөлөлт эдэлж 700 төгрөгөөр зорчдог
болох нь. Гэвч иргэд өмнө нь 500 төгрөг төлөөд явж болдог байсныг өөрчилж,
хотын захын чиглэлд явдаг автобусны тоог цөөрүүлсэнд бухимдалтай байсаар
байгаа.
А.Аюуш