Шүүхийн нэр: Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2023 оны 03 сарын 24-ний өдөр, №367
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тоймын дугаар: 07
Прокуророос О-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О-гийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз охин Б-тэй маргалдан, улмаар цохиж зодсон үйл баримт тогтоогдсон. О-н найз охинтойгоо маргалдсан хоорондын хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй, нэг удаагийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэхгүй.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасны дагуу прокуророос О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Мөн О-оос 518,400 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулж хохирогч Б-д, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээнд зарцуулсан 161,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгохоор шийдвэрлэсэн.
Тойм бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/86628?daterange=2023-01-01%20-%202023-04-06&id=1&court_cat=2&bb=1