НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, мөн гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөө ашиглах эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа гэр бүлийн хамаарал бүхий хүний тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмж байршуулж, мөрдөн мөшгөсөн хэрэгт холбогдуулан шалгасан.
Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэг (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх), Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мөрдөж мөшгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга: 1.1.зодсон; 1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйл.Хууль бусаар мөрдөж мөшгих 1. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.







































































