Тун удахгүй оросын БХЯ өөрийн цэргийн удирдлагын төвүүд, барилга, байгууламж болон нисэх буудлуудаа хамгаалахад зориулж хамгийн сүүлийн үеийн технологид тулгуурлан бүтээсэн \”Редан-125\” системийг ашиглахад бэлэн болжээ. ОХУ-ын Радиоэлектрон техникийн туршилт, зохион бүтээх институтэд уг системийг удаан хугацааны туршид бүтээсэн гэнэ. Байшингийн дээвэр, хашаан дээр суурилуулсан 20-40 см-ийн диаметртэй ердийн гудамжний гэрэл шиг хэлбэртэй мэдрэгч
бүхий модулиуд нь хоорондоо холбогдож цахилгаан соронзон талбай үүсгэдэг байна. Энэхүү төхөөрөмж нь цахилгаан соронзон талбайд орж ирсэн гадны ямар ч объект, түүний дотор газар доогуурх хонгилд явж байгаа хүнийг ч гэсэн илрүүлэх чадвартай ажээ. Мэдрэгч модуль нь дамжуулах болон хүлээн авах хэсэгтэй ба хоёр мэдэргчийг хооронд нь 150 метрийн зайтай байрлуулж болно. Тэгэхээр 7 ширхэг мэдрэгч нь 1 км урттай хамгаалалттай газрыг бүрэн хянах боломжтой болно гэсэн үг.
\”Редан-125\” нь яг радарын зарчмаар ажилладаг, мэдрэгч модуль нь өөрийн эргэн тойронд хэдэн секунд тутам цахилгаан соронзон долгион цацаж, буцааж хүлээж авдаг. Хэрвээ тухайн цахилгаан соронзон талбайд нь ямар нэгэн хүн илэрвэл дохиог тэр дор нь хяналтын хэсэг рүү явуулна. Хяналтын дэлгэц дээр гадны хүний байрлал, хөдөлгөөний чиглэл, бүр ямар хэрэгсэл, зэвсэгтэй явааг нь харуулна.
Одоо хэрэглэж буй лазерийн болон камерийн хяналт нь ямар нэгэн байдлаар хянагдахгүй газар үлдээхээс гадна цаг агаарын байдалд тун эмзэг байдаг. Харин \”Редан-125\” цахилгаан соронзон талбай үүсгэдэг тул цаг агаарын ямар ч нөхцөлд хэвийн ажиллахаас гадна, хянагдахгүй талбай гэж байхгүй болсон нь бусад адил төстэй төхөөрөмжүүдээс хол давуу болжээ. Энэхүү хамгаалалтын системийн туршилтын ажил дууссан ба одоо БХЯ-тай гэрээ байгуулж нийлүүлэх шатандаа явж байна.
Р.Энхболд