“Гандан Тэгчилэн хийдэд гарсан хүчирхийллийн асуудлыг зөвхөн нэг тохиолдол гэж авч үзэж болохгүй. Энэ бол олон жил далд байсан хүчирхийлэл байх магадлалтай” хэмээн УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа мэдэгдлээ.
Түүнчлэн тэрбээр, энэ асуудалд нухацтай хандаж, мөрийг нь мөшгөөд, хууль хяналтын байгууллагуудаар мөрдөх ажиллагаа явуулж, таслан зогсоох ёстой. Харамсалтай нь хүнлэг энэрэнгүй байхыг бидэнд заадаг, номлодог хүмүүс өөрсдөө хүүхдийн эрхийг зөрчиж байгаа нь жигшмээр гэлээ.
2022 оны байдлаар Монгол Улсад 346 сүм хийд үйл ажиллагаа явуулдаг бол үүнээс дацан шавилан сууж байгаа нь 244 юм байна. Мөн оны судалгаагаар 1500 лам бий гэсэн статистик тоог танилцууллаа.
Түүнчлэн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос “Мөрийг мөшгөе” үндэсний хөдөлгөөнийг санаачилж байна. Энэ хэргийн үнэн зөвийг тогтоох, цаашид ийм үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс тус хөдөлгөөнийг санаачилж буйг Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Э.Цэцэгсайхан хэллээ.