Буддын гүн ухааны доктор, Гэвш Жамба Тинлей аравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Монгол орноо морилон номын айлдвар айлдах болжээ.
Тодруулбал, аравдугаар сарын 3-нд “Хүний амьдралын утга учир, үнэ цэнэ”, аравдугаар сарын 5-нд “Манзушир бурхны Жинан” сэдвээр айлдвар айлтгах аж. Харин аравдугаар сарын 4-нд Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн “Шашнаас ангид дэлхий нийтийн ёс суртахуун” номын нээлтийг хийнэ.
Гэвш Жамба Тинлей нь шинжлэх ухааны ололт амжилт, хүн төрөлхтөний үнэ цэнэ, орчин үеийн оюуны хэрэгцээнд хослуулсан байдлаар айлдвар сургаалуудаа айлддаг онцлогтой. Буддын философи, бясалгалын өндөр чадвартай багш нарын нэг юм.
Тэрбээр Монголын Буддын Соёлын Төв төрийн бус байгууллагын урилгаар Монголд зочлон ирэх болсон нь энэ. Монгол Улсад айлчлан ирэх бүрийдээ сүсэгтэн олонд айлдвар айлддаг уламжлалтай.
Гэвш Жамба Тинлей нь Өмнөд Энэтхэгийн Варанасигийн ойролцоох Сарнатхагийн Төвдийн төв их сургуульд 7 жил буддын философи, санскрит хэл судлалаар суралцаж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн хүмүүнлэгийн ухааны боловсрол эзэмшсэн төдийгүй санскрит, төвд, англи хэлний орчуулагчаар бакалаврын зэрэгтэй төгсчээ.
Ажлын гараагаа “Доржчанг” Буддын их сургуульд төвд хэлний багшаар эхлүүлсэн байна. “Доржчанг” буддын их сургууль нь Шинэ Зеландын Охланд дахь Их хөлгөний уламжлалыг хадгалах төвийн сангийн санхүүжилтээр байгуулагджээ. Тус сургуульд багшлахын зэрэгцээ орчуулагч хийдэг байжээ.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн таалан болгоосноор 1993 оноос ОХУ-д Бурханы шашныг төлөөлөн суух элч, номын багшийн хүндтэй албанд томилогдон ажилласан байна.
Одоогоор ОХУ-д энгийн шавь нарынхаа байгуулсан 22 төвүүдэд номын айлдвараа айлдаж байна.
Аравдугаар сарын 3-5-ний өдрүүдэд болох арга хэмжээтэй холбоотой мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс үзэх боломжтой.