Нийслэлийн ихэнх дүүрэг мөн зарим аймагт өнөөдөр 11:00 цагийн үед цахилгаан тасарсан юм.
Тэгвэл “ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч гэмтэл гарсан тул цахилгаан эрчим хүчийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах болсон. Албан газар, аж ахуй нэгжүүд нөөц эх үүсвэрээ бэлдэн, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллана уу” хэмээн Тосонцэнгэл УЦС ХХК-аас мэдэгдэл гаргажээ.
Харин Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Г.Хонгорзул цахим хуудсандаа “Улаанбаатар хот бүхэлдээ тог цахилгаангүй болох асуудал байхгүй гэж Улаанбаатар цахилгаан түгээх ХК-аас хэллээ. ОХУ-аас урьдчилсан мэдээлэл өгөлгүй зарим газруудад хязгаарлалт хийсэн. 12:25 цагийн байдлаар тог цахилгаангүй хэрэглэгч байхгүй гэж мэдээллээ” хэмээн бичсэн байна.