Боловсролын байгууллагаас сурагч болон эцэг эх, асран хамгаалагчдаас судалгаа авахдаа онц шаардлагагүй эсвэл хэт хувийн мэдээлэл шаардаж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж буй.
Тухайлбал өрхийн орлого, нийгмийн гарал, регистрийн дугаар, орон сууц, байшин эсвэл гэр хороололд амьдардаг эсэх асуулт асуусан судалгааны материал дээр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг өгчээ.
Тэрбээр “Төрийн болон төрийн бус судалгааны байгууллагууд судалгаа авахдаа “Нийгмийн гарал” гэдэг энэ онц шаардлагагүй, утгаа алдсан асуултыг бүр хасвал таарна. Хүүхдүүдэд ийм асуулт тавих бүр ч зохисгүй.
Манай салбарын судалгааны байгууллагуудад ийм асуулттай судалгаа авахгүй байх чиглэл өгнө. “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж товч бөгөөд тодорхой заасан байдаг” гэжээ.